Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах холбооны Герман Улсын Штэйн Мюллер инженеринг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Штэйн Мюллер инженеринг компани нь нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах чиглэлээр мэргэшсэн 160 жилийн түүхтэй компани юм байна. “Герман болон зүүн, төв Европын оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын зуухны шинэчлэлт хийсэн аж. Одоогоор ОХУ-д цахилгаан станцуудын шинэчлэлийг Штэйн Мюллерийн технологи, зөвөлгөө, сургалтад түшиглэн хийх боломжийг судалж байгаа аж. Тус компанийн зүгээс Улаанбаатар хотын удирдлагуудад цахилгаан станцуудын зуух болон уурын зуухнуудыг шинэчлэн утааны хорт байдлыг бууруулахад хамтарч ажиллах, шаардлагатай мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх зорилгоор сургалт зохион байгуулах, Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад өөрсдийн технологийг нэвтрүүлэх саналтай байгаагаа уламжиллаа.
Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа. Агаарын бохирдолтой тэмцэхэд энэ төрлийн технологийн дэвшилтэт шийдэл хэрэгтэй байгаа. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хамтарч ажиллахад нээлттэй. Эцсийн үр дүн хамгийн чухал” гэлээ. Түүнчлэн талууд цахилгаан станцуудын нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагуудын талаар нээлттэй ярилцав.
Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх, М.Мэнд-Очир, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, нийслэлийн Төсөл хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав болон Штэйн Мюллер инженеринг компанийн албаны дарга Лутц Брендау, болон Штэйн Мюллер инженеринг компанийн Оросын Холбооны Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Петер Крэемер нар байлцав.