Өчигдөр /2019-09-16/ өдөр HD Монгол телевизээр УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Тэрээр хоёр толгойтой гэгдээд байсан “Үндэсний бөхийн холбоо” ойлголцсоны үндсэн дээр тамга тэмдэг, гэрчилгээгээ шилжүүлсэн тухай ярьсан юм.
Уг асуудлаар МҮБХ-ноос тодруулга асуухад: “Дээрх мэдээлэл үнэн, одоогоор дарга нар байхгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Удахгүй хэвлэлээр мэдээлэл цацагдах болно” хэмээсэн юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Бөхийн холбооны талаар эргэн сануулахад, 2017 оны тавдугаар сарын 28-нд тус холбооны “Их эе” зохион байгуулагдахад 170 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байдаг. Улмаар энэ хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг сонгосон. МҮБХ-ны Р.Нямдорж тэргүүтнүүд энэ шийдвэрийг эсэргүүцсэн юм. Ийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 14-ний 101/Ш32018/04928 тоот захирамжаар хариуцагч Р.Нямдоржийг МҮБХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахыг хоригложээ.
Харин үүнээс зургаан өдрийн дараа буюу 2018-04 сарын 20-нд МҮБХ-г “Их Эе”-ийг хуралдуулахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг мөн хориглосон байдаг.