Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлээ.
Долдугаар сарын сүүлчээр АТГ 10 мянган доллар нуусан хэргийг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулсан МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханы авлигын баримт, оймсондоо нуусан 10 мянган ам.долларын бичлэгийг задалж байв. Энэ удаа 2015-2016 онд мөрдөгдсөн хэргийн ажлын явц, Замын-Үүд гаалийн байцаагч нарын авлига аваад баригдсан хэргийн бичлэгийг задаллаа.
https://www.facebook.com/soninmn.agency/videos/495060131295935/
https://www.facebook.com/soninmn.agency/videos/495060131295935/
Энэ нь 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг юм. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг ажээ.
Т.Баярхүү хэлэхдээ жишээ нь, гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.
Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.
Та бүхэн энэ мөнгөний хэмжээг харж байгаа байх. Өнгөц дүгнэхэд бага дүнтэй мөнгө харагдаж байна. Зориуд үүнийг “жараахай” барилаа, “спорт загасчлал хийлээ” гэх мэт ойлголт гарган нийгэмд түгээж байгаатай хэрхэвч санал нийлж болохгүй. Авлигын гэмт хэрэгт том, жижиг гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн нэг машин дээр жишээ татахад л өдөрт 90 тонн ачаа ямар ч хяналтгүйгээр улсын хилээр орж ирж, төсөвт орох ёстой 20 сая төгрөгийн татвар орохгүй байна. Мэдэгдсэн нь энэ боловч илрээгүй байгаа нь хэд байгаа бол?
Өнөөдөр бид хорт хавдар гэх мэт хүнд өвчин, түүнээс гадна олон төрлийн халдварт өвчин газар авч, өсвөр үе, хүүхэд залуус хар тамхины асуудалд ихээр холбогдож байгаагийн нэг шалтгаан бол энэ мөн. 28 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан гэдэг бол ил нүдэнд харагдаж байгаа хор уршиг. Үүний цаана хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа гээд үзвэл жижиг мэт боловч энэ хэргийн нийгэмд учруулж буй шууд бус хор уршгийг тооцох аргагүй юм. Мөн энэ хэрээрээ шударга ёс алдагддаг. Адилхан бизнес хийж байгаа 2 хүний нэг нь хахууль өгөх замаар татвараас зайлсхийж, хэдхэн цагийн дотор хил нэвтэрч, хямд үнээр бараагаа зардаг. Гэтэл шударгаар хөдөлмөрлөж байгаа нь өндөр татвар төлж, олон өдөр хил дээр хүлээдэг. Татвар өндөр төлсөн учраас бараагаа өндөр үнээр зарах болдог. Өндөр үнэтэй гээд борлуулалтгүй болдог. Энэ нь шударгаар бизнес, худалдаа наймаа хийж буй хүмүүсийг эрсдэлд оруулдаг.
Энэ нь нэг байгууллагыг тэр чигээрээ муу ажиллаж байна гэж хэлж байгаа биш, энэ мэт хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан шударга бус этгээдүүдийн гэмт үйлдлийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа гэдгийг олон нийтэд анхааруулж, үүнээс урьдчилан сэргийлж, илрүүлж, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Төрийн бүх шатны байгууллагуудын хувьд ч энэ мэт авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.