Мансууруулах бодисыг түгээмэл хэрэглэгчид нь залуучууд мөн өсвөр насныхан байдаг. Тэдний мансууруулах бодис хэрэглэж эхлэх болсон шалтгаан нь гол төлөв хамт сурч, ажилладаг үе тэнгийнхэнтэй нь холбоотой байдаг аж. Эдгээр хамсаатнууд тухайн хүнд хар тамхи хэрэглэхийг санал болгох, зоригжуулах замаар эгнээндээ элсүүлдэг байна.
Огт хэрэглэж үзээгүй хүүхэд залуучууд анхны оролдлогоо ийм замаар эхэлж, хөөрсөн эсвэл согтуу байгаа мэдрэмжийг авдаг. Сониуч зан, хар тамхийг амархан олж авч байгаа зэрэг явдлаас үүссэн донтолт цаашаа ахихдаа гэр бүлийн маргаан, ажилгүйдэл гэх мэт элдэв стрессийг тайлах шалтгаан бол мансууруулах бодис мөн гэсэн бодлыг төрүүлдэг аж.
Хар тамхийг эхэндээ сонирхон өнгөцхөн хэрэглэх нь цаашдаа аюул дагуулах эрсдэлтэй. Мансууртал хэрэглэж үзсэн цагаас донтолт эхэлдэг байна. Энэ нь тухайн бодисоос ердийн биш хөөрөл авч байсан хүмүүс хэрэглэхээ болих үед бие организм нь энэ бодисоо нэхэн, биеийг нь өвтгөн зовоодохыг хэлдэг аж. Үүнийг хар тамхины шарталт гэж нэрлэдэг бөгөөд тухайн хүн өөрийгөө өвдчихлөө, өвчин шаналгаатай байна гэсэн мэдрэмжээс салахын тулд мансууруулах бодисыг дахин хэрэглэх, тогтмол хэрэглэх замыг сонгодог байна.
Ямар мансууруулах бодис донтуулдаг вэ:
Тархийг дарангуйлдаг мансууруулах бодисууд: Үүнд опиум болон геройн орно. Эдгээрийг хэтрүүлж хэрэглэсэн хүнийг нойрмог, оюун ухаанаа мэдрэх чадваргүй болгоно. Шартах илрэл нь хурц байдаг бөгөөд тухайн хүнд хар тамхийг дахин хэрэглэх хүчтэй хүсэл төрөх, халуурах, тайван амгалан биш болох, ухаан самууран балартах, огиудас хүрч бөөлжих, гүйлгэх, сэтгэл түгших, унаж татах шинж тэмдэгүүд илэрдэг байна.
Тархийг сэдээх мансууруулах бодисууд: Үүнд кокайн, хат үрэл болон амфетаминууд хамаарна. Эдгээрийг хэтрүүлэн хэрэглэж эхэлнээс хүн өөрийнхөө бодол санааг хянах чадваргүй болох бөгөөд хий юм хаах, хардамтгай сэрдэмтгий, үймэрсэн байдалтай болдог байна. Шартах илэрцүүд нь голдуу өлсгөлөн байгаа юм шиг, эцэг ядарсан шинж тэмдэгээр илэрдэг байна.
Хий үзэгдэл үүсгэгч мансууруулах бодисууд: Олонхи дарангуйлагч болон сэдээгч хар тамхинууд нь хий үзэгдэл үүсгэдэг. Зарим тамхи тухайлбал, LSD (хүчил) ялангуяа туршилтанд хэрэглэгддэг. Эдгээрийг хэрэглэсэн үед маш их сэтгэл хөдөлсөн, үймэрсэн мөн сэрдэмтгий байдалтай болдог байна.
Хар тамхины хамаарлаас салж болох уу?
Болно. Хар тамхины хамаарлаас салахын тулд тууштай эмчилгээ хийх шаардлагатай. Сэтгэцийн эрүүл мэндийн эмч нарт энэ төрлийн донтолтыг зогсоох эмнэл зүйн аргууд байдаг бөгөөд гол нь хүн өөрөө энэ төрлийн донтолтоос сална гэсэн бодолтой байх хэрэгтэй.
Эх сурвалж: СЭМТ гарын авлага