АТГ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор АТГ-д шалгагдсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж байна хэмээн мэдээлэв.
Тус газар 2019 оны нэгдүгээр сард мэдээлэл өгөхдөө Сангийн сайд асан С.Баярцогт нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан байдаг.
Үүний дараа гэрээ байгуулагдан хэрэгжиж, гэрээ хэрэгжсэний дараа хувьцаа тодорхой хэмжээнд үнэд орсон. Энэ үед хувьцаагаа бусдад арилжаалаад өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон. Өөрт байгаа давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олсон гэх үндэслэлээр шалгаж байна” хэмээн мэдээлж байсан юм.
Харин Ч.Сайханбилэгийн тухайд Оюу толгой төслийн хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм.