Ховдын 13 байлдагч их, дээд сургуульд суралцах эрх авлаа

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй 13 байлдагч Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн их, дээд сургуулийнхаа суралцах эрхийн бичгийг гардан авлаа.
МУИС-д байлдагч Б.Алдармөнх, Н.Одгэрэл нар эрх зүйч мэргэжлээр суралцах бол Хөдөө аж ахуйн их сургуульд Б.Батмэнд, Ө.Даваа-Очир, Ю.Гансүх нар бизнесийн удирдлага, Г.Мөнхзориг малын эмч, П.Сандагдорж геологич мэргэжлээр суралцах эрхтэй боллоо.
ШУТИС-д байлдагч Б.Хишигбат геодези, уул уурхайн инженер, Б.Даваабаяр барилгын инженер, Б.Билгүүн уул уурхайн инженер мэргэжлээр суралцах эрх авсан байна.
ҮБХИС-д байлдагч Б.Мөнхбаяр Ерөнхий цэргийн команд, “Их засаг” олон улсын их сургуульд байлдагч Б.Лхагва-Очир, Б.Анар-Эрдэнэ нар эрх зүйч мэргэжлээр суралцах эрхтэй боллоо.
Суралцах эрхээ авсан байлдагчид цэргийн алба хаахаар ирж буй дүү нартаа хандан уриалга гаргаж, цэргийн алба нь богино хугацаанд эр хүн болох ухаан, эмх цэгц, нөхөрлөлийн үнэ цэнийг сургадаг болохыг онцлов.
Мөн жолооны “В” ангилал болон Ховд аймгийн Политехник коллежид сантехникч, цахилгаанчин, барилгын өрөг угсрагч, гагнуурчин, засал чимэглэлч зэрэг мэргэжлийг давхар эзэмшсэн гэдгээ дурдсан юм.
Тэд өөрсдийн хүсэж мөрөөдөж байсан их сургуульдаа элсэн суралцах нөхцөл бололцоог бүрдүүлж, дэмжлэг үзүүлсэн ангийн удирдлага болон Мотобуудлагын батальоны офицер, ахлагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
