Гунаажавын Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг угтан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн наадмаар төрийн дээд цол хүртэх эрхмүүдийн нэрс тодорч эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын албаны “Аврагч” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх, Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор болсон байна.
Гунаажавын Эрхэмбаяр 2003 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бөгөөд тухайн жилийн Улсын баяр наадамд дархан аварга Ж.Мөнхбатаар тав даван шөвгөрч “Улсын начин” цолны болзол хангасан юм.
Тэрбээр 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадамд ес даван үзүүрлэж “Улсын арслан” цол хүртсэн бөгөөд 2013 онд 35 настайдаа төрийн наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын 21 дэх аварга цолыг хүртсэн түүхтэй.
