Туул голын усанд живж байсан 9 настай хүүхэд аврагджээ
2026-07-03 14:001min

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт Туул голын усанд живсэн 9 настай хүүхэд Онцгой байдлын алба хаагчдын тусламжтайгаар эсэн мэнд аврагдсан байна.
Онцгой байдлын албанд 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 17:48 цагийн орчимд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл” экспогийн урд талд байрлах “Туул” голын усанд хүүхэд живж байна гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 9 настай эрэгтэй А нь найзуудтайгаа голын эрэг дээр тоглож байх үедээ усанд сэлэхээр орж, хөл алдсан байв.
Хүүхэд голын урсгалд 150-200 метрийн зайд урсаж, бургасанд зүүгдсэн байсныг Онцгой байдлын аврагчид голоос эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.
