Гол мөрний усны түвшин нэмэгдэж үерийн аюултай байдал үүсч болзошгүйг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын мэдээлснээр, 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр голууд болон Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон голуудын Дадал сум орчмын хэсэг, мөн Хангай нурууны өвөр хэсгийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см-ээр нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Мөн зургаадугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчим болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см-ээр нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ.
Цаг уурчдын мэдээллээр зургаадугаар сарын 17-нд баруун аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Иймд хур борооны эрчим, хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэхийг анхаарууллаа.
Иргэдийг үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар амарч зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа орчны нөхцөлд анхааралтай байх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.
