Чингис хааны эш хөргийг Тайванийн музейд олон нийтэд дэлгэнэ

2026-06-16 21:001min
20260616-210052-file.jpeg
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Тайванийн Үндэсний Хааны ордон музейд зохион байгуулагдаж, Чингис хааны эш хөрөг болон "Хубилай хаан Авд мордсон нь" бүтээл олон нийтэд дэлгэгдэнэ.

Их Монгол Улс үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Тайваний Үндэсний Хааны ордон музейд “Эш хөргийн ивээл, Эв эеийн ерөөл” нэртэй тусгай үзэсгэлэн 2024 оны долоодугаар сарын 6-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд Их эзэн Чингис хааны эш хөрөг болон “Хубилай хаан Авд мордсон нь” хэмээх хоёр хосгүй бүтээл олон нийтэд дэлгэгдэхээр бэлтгэгдэж байна. Эдгээр бүтээлүүд нь музейн сан хөмрөгт хадгалагддаг бөгөөд хязгаарлагдмал горимоор үзэгчдэд үзүүлдэг ч энэ удаа зэрэг дэлгэхээр болжээ.

Юань улсын түүхэнд тэмдэглэснээр 1277 онд Хубилай хаан дээдсийн тахилгын сүм байгуулах зарлиг гаргаж, дараа жил нь өвөг эцэг Чингис хааны эш хөргийг ордны зураач Хорихасунд даалгасан байна. Уг эш хөрөг нь 59.1×46.8 см хэмжээтэй торгон дээр зурсан бөгөөд Их эзний дүрийг хамгийн бодитоор илэрхийлсэн бүтээл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Булган малгайн үсний ширхэг бүрийг нарийн дүрсэлсэн энэ хөрөг 750 гаруй жилийн турш түүхийн гэрч болсоор иржээ.

“Авд мордсон нь” бүтээлийг ордны зураач Лю Гуаньдао 1280 онд туурвиж, Хубилай хаан, хатан, шадар хүмүүсийн хамт ан хийж буйг дүрсэлсэн бөгөөд музейн үнэт бүтээлүүдийн нэг юм.

Үзэсгэлэнгийн үеэр Чингис хааны эш хөргийг Монгол зураачаар хуулбарлан зуруулсан шинэ бүтээлийн нээлт болно.

Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 6-нд Тайбэй хотын Гэр бүл, Боловсролын Төвд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт 19:00-21:00 цагт зохион байгуулагдах бөгөөд “Дэлхий” хамтлаг болон Улаанбаатар Театрын уран бүтээлчид оролцоно. Тоглолт 350 үзэгч хүлээн авах юм.

Тоглолтыг “Хос хэл, хос соёл” НҮТББ болон Тайвань дахь Монгол Оюутан Залуусыг Дэмжих Холбоо хамтран зохион байгуулж байна.