2026 оны зун, намрын цаг агаарын урьдчилсан төлөв

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс 2026 оны долдугаар сараас есдүгээр сар хүртэлх улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Төлөвлөснөөр долдугаар болон наймдугаар сард Монгол орны ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд есдүгээр сард нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй байна.
Долдугаар сард Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр агаарын температур олон жилийн дундажийн орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад дунджаас бага, Дорноговь, Өмнөговийн зүүн хэсэг болон Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Наймдугаар сард Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дундажийн орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байна. Энэ хугацаанд Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтийн зүүн болон Дундговийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Есдүгээр сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байх бөгөөд хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн ихэнх хэсэг, Дундговийн өмнөд болон Хэнтийн зүүн хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоногоор үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэд халалт, наршилт, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, малчид бэлчээр болон усны нөөцдөө анхаарахыг зөвлөжээ.
Төвийн бүсийн аймгуудад долдугаар болон наймдугаар сард агаарын температур дулаан, хур тунадас дунджаас орчим орох төлөвтэй бөгөөд түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, хүчтэй салхи, гол мөрний усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй байна.
Говь болон зүүн бүсийн аймгуудад хур тунадас ахиу, сэрүүн, салхитай байх тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг байгалийн гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
