Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших Монгол” нэрээр зохион байгуулагдана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал 2026 оны 6 дугаар сарын 15-нд болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.
Хуралдаанаар Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын зохион байгуулалт, дэд бүтэц, тохижилтын ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, гадаад, дотоодын зочдыг хүлээн авах бэлтгэлийг сайтар хангах, салбар хороод уялдаагаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
2026 оны Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших Монгол” нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг Соёл урлагийн салбар хороо хариуцан хангаж байна.
Үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэл ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болно.
