Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулах хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа

2026-05-29 13:011min
20260529-130118-file.jpeg
УИХ олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 0-1 насанд эндсэн хүүхдийг одонгийн тоонд хамруулах эрхзүйн орчин бүрдүүллээ. Хууль 2027 оноос хэрэгжиж эхэлнэ.

Өнөөдөр Улсын Их Хурлын чуулганаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэхүү өөрчлөлтөөр 0-1 насанд эндсэн хүүхдийг одонгийн хүүхдийн тоонд хамруулах эрхзүйн орчин бүрдэж байна.

Мөн одоогийн заавал хүүхэд нь нэг нас хүрсний дараа алдарт эхийн одон авах зохицуулалтыг халж, төрөөд нэг сар болсон хүүхдийн материалыг бүрдүүлэн одон авах боломжийг нээжээ.

Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд уг хуулийн хэрэгжилтэд хамрагдах хүсэлтэй эхчүүд хүсэлт гаргаж, бичиг баримтаа бүрдүүлэн одон авах юм. Хуулийн хэрэгжилтийн үр дүнд 27,100 ээж “Эхийн алдар II” болон “Эхийн алдар I” одонг нийт 10,154 ширхэгээр авах тооцоолол гарчээ.

Түүнчлэн “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд 12,306 ээж Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна.