Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хотын хөгжлийн болон нийгмийн салбарын үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө. Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг чиглэл болголоо.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж ажиллах, нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Нийслэлд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэн танилцуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавихыг даалгав.
Нийгмийн салбарт хийгдэж буй ажлуудын явц болон тус салбарыг 2027-2028 онд хөгжүүлэх зорилтыг танилцуулах, зуслангийн ногоон бүсэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээг сайтар хангах, гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг ханган ажиллахыг мөн даалгасан байна.
