Т.Даваадалайтай холбоотой хахууль, мөнгө угаах хэргээр Н.Билгүүнийг цагдан хорьжээ

2026-05-29 17:011min
20260529-170134-file.jpeg
Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайтай холбоотой хэргээр түүний үеэл дүү Н.Билгүүнийг яллагдагчаар татан, цагдан хорьсон байна. Т.Даваадалайг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хахууль авсан гэж сэжиглэн шалгаж байгаа юм.

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайтай холбоотой хэрэгт түүний эхнэр Б.Анхтуяагийн үеэл дүү Н.Билгүүнийг яллагдагчаар татан, цагдан хорьжээ. Н.Билгүүнийг нийтийн албан тушаалтан хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Т.Даваадалайг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авч мөнгө угаасан хэргээр Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнийг “Туулын хурдны зам” төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах явцад аж ахуйн нэгжүүдээс 6.6 тэрбум төгрөг авсан гэж сэжиглэж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад Т.Даваадалай эхнэр Б.Анхтуяа, түүний үеэл Н.Билгүүгийн үүсгэн байгуулсан “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзын үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, түүнчлэн Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг авсныг тогтоожээ.

Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяаг мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд нөхрийг нь баривчилсаны дараа гадаад руу гарсан байна. Прокурор түүнд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас удаа дараа хүргүүлсэн ч тайлбар мэдүүлэг авч чадаагүй байна.