Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026 оны тавдугаар сарын 28-нд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганмаа, С.Зулпхар, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хуулийн төслийн гол заалтаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар 10 жил тутамд Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх барилдах зохицуулалтыг тусгажээ. Төсөл санаачлагч П.Сайнзориг энэ зохицуулалт нь бөхийн барилдааны цолны үнэлэмжийг дээшлүүлэх, түүх, соёлын ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилготойг тодотгосон байна.
Мөн энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буйтай холбогдуулан уг ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэх шаардлагатай гэж үзэн, Улсын Их Хурлын 18 гишүүнээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлжээ.
Төслийн дагуу Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэхээр тусгасан байна. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох зохицуулалтыг нэмэхээр тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, үндэсний эв нэгдэл, түүх, соёл, уламжлалыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төсөл санаачлагчид үзжээ.
Түүнчлэн, Үндэсний их баяр наадмын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан байна.
