“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

2026-05-29 21:011min
20260529-210129-file.jpeg
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр зургаа дахь жилдээ 2026 оны зургаадугаар сарын 1-нд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Арга хэмжээнд үндэсний спортын тэмцээн, соёлын арга хэмжээ багтсан байна.

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ зургаа дахь жилдээ 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт зохион байгуулагдана.

Энэхүү баярын хүрээнд хүүхдүүдэд монгол ёс заншлыг таниулах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг олон үйл ажиллагаа явагдана.

Мөн морь унах, эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдана.

Үндэсний хүүхдийн баярын үеэр оролцогчид цэвэр агаарт өөрийн майхан асартай байрлан урлагийн тоглолт үзэж, гэр бүл, найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцон нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

Арга хэмжээнд оролцсон хүүхэд бүр сугалаанд оролцож, хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн шагналын эзэн болох боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.