Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэрэгт 34 хүн шалгагдаж байна

2026-05-29 11:001min
20260529-110028-file.jpeg
Гаалийн Ерөнхий газар болон Улаанбаатар, Замын-Үүд дэх гаалийн газрын нийт 34 албан тушаалтныг авлигын хэрэгт шалгаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гаалийн татвар ногдуулалт 23 хувиар өссөн байна.

Гаалийн Ерөнхий газар болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт Авлигатай Тэмцэх Газарт (АТГ) шалгагдаж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд Монгол Улсад бараа бүтээгдэхүүн импортлон, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож, татварын хэмжээг багасгасан, импортын ачаа бараанд хяналт тавиагүй зэрэг үйлдлүүдэд буруутгаж байна. Мөн гаальд төлөх татварыг нуун дарагдуулж, хахууль авсан хэргүүдийг шалгаж байгаа юм.

Энэ хэрэгт нэр бүхий 8 гаалийн албан тушаалтан, хоёр аж ахуйн нэгжийн захирал, тэднийг холбосон хоёр зуучлагчийг шалгаж байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газарт шуурхай нэгжлэг явуулж, 26 гаалийн байцаагчийг хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Замын-Үүд дэх гаалийн газрын 16 улсын ахлах байцаагч, байцаагч нарыг БНХАУ-аас импортлогдож буй бараанд гаалийн хяналт шалгалт хийхдээ ААН-үүдээс хахууль авсан, мөн 10 хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан иргэдээс хахууль авсан хэмээн буруутгаж байгаа аж.

АТГ-ын шалгалтын үр дүнд Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хот болон Замын-Үүд дэх Гаалийн газрын нийт 34 албан тушаалтныг, мөн тэдэнд хахууль өгсөн 16 иргэнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. Шалгалтын хугацаанд улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сард гаалийн татвар ногдуулалт өмнөх сартай харьцуулахад 23 хувиар өсч, нийт татвар 123.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн гаальд мэдүүлсэн барааны жин 131.4 сая тонн буюу 17.92 хувиар, барааны нийт үнийн дүн 995 тэрбум төгрөг буюу 31.78 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.