“Чингис хаан” дурсгалын зоосыг зургаан төрлөөр үйлдвэрлэж худалдаанд гаргалаа

2026-05-28 15:021min
20260528-150203-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бүтээсэн “Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлын эх загвар дээр үндэслэн зургаан төрлийн дурсгалын зоос үйлдвэрлэж, орчин үеийн технологиор худалдаанд гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх ажил Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны хоёрдугаар зөвлөмжийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран хэрэгжиж байна. Энэхүү баримлыг Чингис хаан үндэсний музейн Их хааны өргөөнд хүндэтгэлтэйгээр залж, 2025 оны өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр олон нийтэд үзүүлэн таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Их эзэн Чингис хаан нь Монгол Улсын төдийгүй дэлхийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан бөгөөд хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг бэхжүүлэхэд гавьяа байгуулсан Аугаа их хаан юм. Түүний байгуулсан Их Монгол Улсын хөгжил нь дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, худалдаа, соёлын солилцоог эрчимжүүлсэн түүхэн үе байв.

“Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлын эх загвар, эх баримлыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болд 3D технологи ашиглан бүтээсэн бөгөөд уг баримлыг Итали Улсын Тоскана мужийн Флоренци хотод үйлдвэрлэсэн байна. Баримлын уран сайхны гүйцэтгэл, цутгалт, өнгөлгөө, угсралтын ажилд зохиогчийн хяналт тавин хамтран ажилласан бөгөөд уг баримал нь 7 метр өндөр, суурь нь Италийн карарра гантиг чулуугаар урласан монументаль бүтээл юм.

Энэхүү баримлын эх загварыг үндэслэн “Чингис хаан” дурсгалын зоосыг зургаан төрлөөр үйлдвэрлэжээ. Орчин үеийн “smartminting ultra high relief” технологийг ашиглан мөнгөн 5 унц, 1 килограмм, алтан 1 килограммын зоосыг бүтээсэн бөгөөд мөнгөн 1 унц, алтан 0.5 грамм, 1 унцын зоосны арын дэвсгэрт гильоше (“guilloche”) техникийн тусгай эффект ашигласан байна. Монголбанк жил бүр хамгийн сүүлийн үеийн технологиор дурсгалын зоос үйлдвэрлэж, цуглуулга болон бэлэг дурсгалд зориулан худалдаанд гаргадаг.