Сэлэнгийн сурагч Б.Хишигсүрэн Авиценнагийн нэрэмжит олон улсын биологийн олимпиадад хүрэл медаль хүртэв

2026-05-23 12:001min
20260523-120042-file.jpeg
Сэлэнгэ аймгийн сурагч Б.Хишигсүрэн Узбекистан улсад болсон Авиценнагийн нэрэмжит олон улсын биологийн олимпиадад хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд 12 орны 94 сурагч оролцсон байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын III сургуулийн 10а ангийн сурагч Б.Хишигсүрэн Бүгд Найрамдах Узбекистан Улсад зохион байгуулсан “Avicenne” буюу Авиценнагийн нэрэмжит олон улсын биологийн олимпиадад амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

Энэхүү олимпиад нь биологийн шинжлэх ухааны чиглэлээр авьяаслаг сурагчдыг нэгтгэн, онолын мэдлэг болон лабораторийн ур чадварыг олон улсын түвшинд сорьдог нэр хүндтэй тэмцээн юм. Энэ жил Наманган хотод 2024 оны дөрөвдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байна.

Олимпиадад Монгол, Турк, Азербайжан, Беларусь, ОХУ, Малайз, Тайланд, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг 12 орны 94 шилдэг сурагч оролцсон бөгөөд мэдлэг, чадвараа сорьжээ.

Тэмцээн онолын болон лабораторийн хоёр үе шаттай явагддаг бөгөөд оролцогчдын биологийн мэдлэгээс гадна туршилт, судалгааны ур чадварыг үнэлдэг онцлогтой юм.

Б.Хишигсүрэн “Олимпиадын зохион байгуулалт маш өндөр түвшинд болсон. Ялангуяа онол, дадлагыг хослуулснаараа онцлог санагдсан. Би компьютер дээр лабораторийн дадлага их хийж, био математик, био химийн чиглэлээр дүн шинжилгээ хийсэн нь мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэхэд их тус болсон” гэж ярьжээ.

Мөн тэрбээр олимпиадад оролцоход дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон удирдлагуудад талархал илэрхийлсэн байна.

“Avicenne” олон улсын биологийн олимпиад нь дунд болон ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд шинжлэх ухаанд сонирхолтой, өндөр мэдлэг чадвартай сурагчдыг олон улсын түвшинд өрсөлдүүлэх, судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх зорилготой тэмцээн юм.