Ц.Идэрбат: Махны экспортыг зогсоохгүй

Сайд Ц.Идэрбат “Үнэ тогтворжуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд махны экспортыг зогсоох тухай ямар нэгэн заалт ороогүй гэдгийг мэдэгдэв. Тэрээр махны экспорт нь дотоодын махны хэрэглээ, үнийн өсөлтөд нөлөөлөөгүй гэж онцлов. Харин дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан экспортыг хаах нь урт хугацаанд малчид, мах боловсруулах үйлдвэрүүд болон экспортын зах зээлд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй гэж тэмдэглэв.
Экспортод голчлон дотоодын зах зээлд эрэлт багатай сарлаг, адууны мах, мөн намрын ган, зудын нөлөөгөөр туранхай болсон малын мах гардаг байна. Гадаад улс орнууд Монгол Улсаас зөвхөн дулааны аргаар боловсруулсан мах импортолдог тул экспортын бүтээгдэхүүн нь дотоодын шинэ махны нийлүүлэлт, үнийн өсөлтөд шууд нөлөө үзүүлдэггүй гэж тайлбарлав.
Монгол Улсын эрс тэс уур амьсгалын нөхцөлд ган, зудын үед малчид эрсдэлээ бууруулах зорилгоор малаа зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх шаардлага гардаг. Ийм үед экспортын сувгийг хаах нь малчдын орлогыг бууруулж, салбарын эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул төрөөс малчид, үйлдвэрлэгчдийн экспортод чиглэсэн хүлээлт, итгэлийг тасалдуулах шийдвэр гаргаагүй гэдгийг сайд онцлов.
