Хөвсгөлд хууль бусаар ашигт малтмал олборлохоор оролдсон есөн хүнийг саатуулжээ

Хөвсгөл аймгийн хилийн болон улсын тусгай хамгаалалттай нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохоор явж байсан монгол, хятад гаралтай есөн хүнийг хилчид саатуулжээ. Тэднийг тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу илрүүлсэн байна.
Энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр манай сонинд тус аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын нутаг дэвсгэрт, Улаан тайгын дархан цаазат, Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолбор газарт хууль бусаар ногоон хаш олборлож буй талаар мэдээлэл гарсан.
Тухайн үед усан хөөргөөр тоноглогдсон 20 гаруй хүн харилцаа холбооны антен засах нэрийн дор морин уналгатайгаар тухайн бүсэд нэвтэрсэн байжээ.
Сүүлийн удаад хил орчмын нутаг, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч ашигт малтмал хайх, олборлох зорилгоор хууль бусаар хайгуул хийж байж болзошгүй тухай тагнуулын байгууллагаас мэдээлэл ирсэн байна.
Үүний дагуу хилийн цэргийн 0257, 0303 дугаар анги, хилийн тагнуулын тасаг, Улаан тайгын тусгай хамгаалалттай газраас есөн нэгж техниктэй, 36 алба хаагч 13 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэн дээрх хүмүүсийг саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хил зөрчигчид туулах чадвар сайтай автомашинаар очиж, тэсрэх бодис ашигласан байж болзошгүй байна.
Одоогоор тэднийг тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
