Шадар сайд Н.Номтойбаяр хөрөнгө оруулагчдад таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 5 дугаар сарын 18-нд “Бэлфил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тарчисио Руффолийг хүлээн авч уулзлаа. “Бэлфил” ХХК нь Итали улсын “Ониверс” группийн “Фалконери” брэндийн Монгол дахь салбар бөгөөд ноолуурын түүхий эдийн томоохон худалдан авагч юм. Тус компани дэлхийн 25 улсад цахим худалдаа эрхэлж, 206 салбартай, өндөр зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр чөлөөт бүсийн тухай хуулийг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, төрийн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Мөн хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.
“Бэлфил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Засгийн газраас хөрөнгө оруулагчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хурдтай ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсын экспортын чадавхыг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхолтой байгаагаа хэллээ.
