146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг баримтын шаардлагаас чөлөөлөв

2026-04-16 09:301min
20260416-093020-file.jpeg
Засгийн газар 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг баримтын шаардлагаас чөлөөлж, иргэд e-business.mn системээр мэдэгдэж шууд бизнесээ эхлүүлэх боломжийг бүрдүүллээ.

Засгийн газраас бизнес эрхлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг баримтын шаардлагаас чөлөөлөх тогтоол гаргалаа.

Иргэд e-business.mn системээр бизнес эрхлэхээ мэдэгдэж, шууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болсон байна. Одоогийн хүчин төгөлдөр Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхлэх ёстой ч бусад олон үйл ажиллагаа зөвшөөрөлгүйгээр хийгддэг.

Гэвч зөвшөөрөлгүй ч олон баримт бичиг шаарддаг, хугацаа ихтэй үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байгаа тул Засгийн газар зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Нийслэлд бизнес эхлүүлэхэд зөвшөөрлийн төрлөөс хамааран гурав болон түүнээс дээш сар хүлээх тохиолдол гардаг байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал холбогдох албан тушаалтнуудад тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн.

Тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ зэрэг байгууллагуудад e-business.mn системийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай дэд бүтцээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх үүрэг даалгавар өгсөн байна.