Хиймэл оюунт чатботуудын эрүүл мэндийн зөвлөгөөнд эргэлзээтэй мэдээлэл давамгайлж байна

2026-04-16 08:301min
20260416-083027-file.jpeg
Шинэ судалгаагаар хиймэл оюунт чатботуудын эрүүл мэндийн зөвлөгөөнд өгсөн хариултуудын тал хувь нь эргэлзээтэй мэдээлэл агуулж байгааг тогтоожээ. Судлаачид нийтийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахгүйгээр чатботыг ашиглах нь эрсдэлтэй гэж үзэж байна.

Шинэ судалгаагаар хиймэл оюунт чатботуудын хэрэглэгчдэд өгдөг эрүүл мэнд, анагаах ухааны зөвлөгөөний тал хувьд нь эргэлзээтэй мэдээлэл агуулагдаж байгааг тогтоожээ. Энэ нь тус технологиос үүдэн эрүүл мэндийн эрсдэл үүсэх магадлалтайг харуулж байна.

АНУ, Канад, Их Британийн судлаачдын баг ChatGPT, Gemini, Meta AI, Grok, DeepSeek гэсэн таван томоохон платформд үнэлгээ хийсэн байна. Тэд чатбот тус бүрээс анагаах ухааны таван салбарт хамаарах 10 асуулт асуухад нийт хариултын 50 хувь нь эргэлзээтэй, 20 орчим хувь нь маш өндөр эргэлзээтэй мэдээлэл байжээ. Судалгааны тайлан BMJ Open сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Хаалттай буюу тодорхой хариулт шаардсан асуултуудад чатботууд харьцангуй сайн хариулсан бол үүдэл эс, шим тэжээл зэрэг нээлттэй сэдвүүдэд тааруу үр дүн үзүүлсэн байна. Мөн чатботууд ихэвчлэн өөртөө итгэлтэй, тогтсон ойлголт мэт хариулж, эш татсан мэдээллээ бүрэн гүйцэд гаргаж өгсөн тохиолдол байгаагүйг судлаачид тэмдэглэжээ. Хариулахыг татгалзсан хоёр тохиолдол Meta AI-д бүртгэгдсэн байна.

Хиймэл оюунт чатботууд хурдтай хэрэглээнд нэвтэрч, өвдөлт зовуурийн үед зөвлөгөө авах түгээмэл хэрэгсэл болжээ. OpenAI компаниас мэдээлснээр ChatGPT-ийг долоо хоногт 200 сая гаруй хэрэглэгч эрүүл мэндийн сэдвээр ашиглаж байна.

BMJ Open-ийн судалгаанд оролцсон эрдэмтэд нийтийн эрүүл мэндийн боловсрол, хяналтыг сайжруулахгүйгээр ийм чатботуудыг нэвтрүүлэх нь буруу мэдээлэл тархах эрсдэлтэйг анхааруулсан байна.