2026 оны эхний улиралд улсын төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа

2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 153 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар өссөн байна.
Нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар нэмэгдсэнээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ гэж Үндэсний Статистикийн Хороо мэдээлэв.
Төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн өсөлтөд бараа үйлчилгээний зардал 338 тэрбум төгрөг, урсгал шилжүүлэг 213 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 498 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Татварын нийт орлого 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар өссөн ч орлогын албан татварын орлого 343 тэрбум төгрөг буюу 17 хувиар, онцгой албан татварын орлого 93 тэрбум төгрөг буюу 32 хувиар буурсан байна.
