Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөл энэ онд ашиглалтад орно

2026-04-14 10:001min
20260414-100023-file.jpeg
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж, шинэ барилгыг энэ оны зун эсвэл намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ номын сан нь хүртээмжтэй орчин бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй үйлчлэх боломжтой юм.

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна. Анх 2026 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан энэ оны зун эсвэл намрын улиралд нээхээр зорьж байна.

Төслийн явцын талаар тус номын сангийн захирал Б.Индрагаас авсан мэдээллээр, шинэ барилгын гадна ажил бүрэн дууссан бөгөөд одоогоор дотор засал, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна. Тэд энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ номын сан нь орчин үеийн стандартад нийцсэн, хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүх давхарт саадгүй үйлчлүүлэх боломжтой юм. Нэгдүгээр давхрыг сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан тохижуулж, ЛЕД дэлгэц, цахим уншлага, мини кино театр болон бүх насныханд зориулсан соёлын үйлчилгээний хэсгүүдийг багтаасан байна.

2025 оны гуравдугаар сард шав тавьсан тус барилга нь 2500 ам метр талбайтай, дөрвөн давхар бөгөөд өдөрт дунджаар 300-800 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм.

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдаж, 1986 оноос их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон түүхтэй. Одоогоор нийслэлийн таван дүүрэгт салбар номын сангуудыг ажиллуулж байна.

Мөн 2016 оноос эхлэн номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан NVDA дэлгэц уншигч, монгол брайль хэрэглээг нэвтрүүлж, 3000 гаруй сан хөмрөг бүрдүүлэн жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байна.