Эмч, ажилчдын цалинг нэмэгдсэн цалингаас тооцож олгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр холбогдох албаныханд тодорхой үүрэг, даалгаврыг өгсөн байна. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эмч, ажилчдын цалинг 2026 онд 75 хувиар нэмэх шийдвэр гарсан бөгөөд одоогоор 30 хувь нэмэгдсэн байна. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар сард тус бүр есөн хувиар нэмэгдэж, 2026 оны төгсгөл гэхэд нийт 75 хувь нэмэгдэх юм.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс буюу илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Одоогийн байдлаар илүү цагийн хөлсөөс бусад нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсан бол энэ журам ойрын хугацаанд өөрчлөгдөж, нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олгох зохион байгуулалтыг хийх үүргийг Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өглөө.
Мөн эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгийг онцлон тэмдэглэж, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан Засгийн газар байх болно гэдгийг илэрхийллээ.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах нь салбарын доголдлын гол шалтгааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж, шинэ сайдад үүнд анхаарал хандуулахыг санууллаа.
Монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн хэдий ч эмийн чанар тэдний ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг дурьдаж, эмийн чанарт онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэв. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг нарийвчлан судалж, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэл өгсөн байна.
