“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ногдол ашгийн хуваарилалтын гүйцэтгэлийн аудит эхэллээ

2026-04-14 12:001min
20260414-120028-file.jpeg
Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит эхлүүлсэн бөгөөд аудитын дүнг Улсын Их Хуралд танилцуулах юм.

Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалт болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит эхлүүллээ. Аудитын хүрээнд тус компанийн ногдол ашиг хуваарилах хууль, эрх зүйн орчин бүрдсэн эсэх болон ногдол ашгийг хууль тогтоомжийн дагуу бодитой тооцож олгосон эсэхийг шалгана.

Аудитад “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Гадаад харилцаа, худалдааны яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон бусад холбогдох байгууллагууд оролцож, 2019-2025 оны ногдол ашиг, түүнтэй холбоотой төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын баримт материалд аудит хийнэ.

Аудитын дүнг Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах бөгөөд энэ нь төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд хувьцааны ногдол ашгийг хүртээх зорилгыг хангах зорилготой юм.

Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, ногдол ашгийг хүртээхтэй холбоотой хууль, Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг үнэлэх аудитын тайланг 2024 оны долоодугаар сард Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд хүргүүлэн хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.