Монголын түүх, соёлын ховор бичвэрүүдийг эх оронд нь буцаан шилжүүлэв

Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах хоёр эртний бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлжээ.
Эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайба-ын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга юм. Энэхүү орчуулгыг нэрт лам Сэрэгэтү гүүш цорж Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд 1615 он орчимд орчуулагдсан байж болзошгүй гэж тэмдэглэсэн байна. Энэ эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтой гэж үздэг.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжин хотод уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичгээрх Гэсэрийн туульсын ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалж гэж тооцогддог.
Эдгээр бичвэрүүд нь өмнө нь судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад дараа нь Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан бөгөөд олон жилийн дараа эх орондоо буцаж ирж байна.
