Н.Нандинхүсэл WNCAA Division I-д тоглох анхны монгол тамирчин болов

Н.Нандинхүсэл нь 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 18 насандаа Монголын хамгийн залуу МУГТ болсон тамирчин юм. Тэрээр АНУ-ын “Florida Tech Panthers” багт тоглож байх хугацаандаа WNCAA-гийн дээд ангилал болох Division I-д тоглох урилга хүлээн авсан анхны монгол тамирчин болжээ.
Түүний тоглолтын онцлог нь хурд, довтолгооны шийдэл, алсын зайн шидэлт бөгөөд богино хугацаанд дасгалжуулагч, скаутуудын анхаарлыг татсан байна. Энэ урилга нь түүний карьер дахь томоохон дэвшил бөгөөд ирэх улиралд Division I-ийн багт элсэх боломжийг олгож байна.
Н.Нандинхүсэл 9 наснаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бөгөөд түүний мөрөөдөл нь эмэгтэйчүүдийн дэлхийн хамгийн том лиг болох WNBA-д тоглох юм. Монголдоо өсвөр, залуучуудын ангиллаас эхлэн амжилт гаргаж, Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга болсон.
Тэрээр 3х3 төрлөөр эх орноо төлөөлөн дэлхийн аваргад оролцож мөнгөн медаль хүртсэн нь олон улсын хэмжээнд таниулсан чухал амжилт болсон юм.
Н.Нандинхүсэл Сентрал телевизийн “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцохдоо Division II-д тоглож байсан ч Division I-д тоглох урилга авсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулах 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд Сингапурт болно. Монголын эмэгтэй шигшээ баг бэлтгэлдээ гарч, Н.Нандинхүсэл АНУ-аас ирж бэлтгэлд орсон.
Монголын шигшээ баг Азийн аваргын чансааны хоёрдугаарт бичигдэж, “B” хэсгийг тэргүүлэн Шинэ Зеланд болон урьдчилсан хэсгээс шалгарсан багуудтай нэг хэсэгт багтжээ.
Мөн 206 см өндөр, талбай харах чадвар, оновчтой дамжуулалтаараа ялгардаг Ш.Энхийн-Од нь АНУ-ын NCAA Division I-д тоглосон анхны монгол тоглогч бөгөөд коллежийн карьертээ хэд хэдэн багт тоглосон байна.
Монголын залуу тамирчид ур чадвар, хөдөлмөрөөрөө шат ахин дэвшиж, дараагийн үеийн тамирчдад боломжийн хаалга нээх зорилготой дэлхийн тавцанд урагшилж байна.
