Нийслэлд 2026 онд 1,046 цэгт 2,159 камер суурилуулна

2026-03-30 13:301min
20260330-133025-file.jpeg
Нийслэлийн удирдлагууд 2026 онд камерын системийг өргөтгөж, ногоон байгууламж нэмэгдүүлэх, хийн халаалт суурилуулах зэрэг олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр барилгын салбар, тохижилт, камержуулалт, хийн халаалт, тендерийн явцын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 618 барилгад хяналт шалгалт хийж, хоёр барилгыг үйл ажиллагааг зогсоосон байна.

Дүүргүүд 2026 он хүртэлх хугацаанд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, 3,062 мод бут, 424 метр урт ургамлан хашлага, 1.3 га зүлэгт талбайг нөхөн сэргээхээр төлөвлөжээ.

Уурын зуухнаас хийн түлшинд шилжүүлэх ажлын хүрээнд 3,950 өрхийг дулаалж, 2,717 өрхөд хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор уг ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Газар чөлөөлөлтийн цэвэрлэгээний хүрээнд Сэлбэ төслийн 18 томоохон объектыг буулгаж, тээвэрлэж, цэвэрлэх ажлын 57.2 хувьтай гүйцэтгэлтэй байна.

2026 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 3,346 цэгийн 6,655 камер нэгдсэн болон дэд төвийн системд холбогдсон бол хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбожээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төсвөөр энэ онд шинээр 1,046 цэгт 2,159 камер суурилуулж, системийн хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөсөн байна.

Зөвшөөрөлгүй, эвдэрсэн 27 самбарыг албадан буулгаж, 278 хаягийн зөрчлийг арилгахаар мэдэгдэл хүргүүлжээ.

2026 онд нийслэлд нийт 373 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 98 ажилд гэрээ байгуулах эрх олгож, 56 төсөлд тендерийн үнэлгээ хийж, 151 төсөлд тендерийн материал хүлээн авч байна.

Цаашид худалдан авах ажиллагааг ил тод, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж, хөрөнгө оруулалтын төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээнд хяналт тавих, орон сууцны хороолол болон гэр хорооллын зам, явган хүний зам, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах юм.

Мөн хүний хөгжил, соён гэгээрүүлэх чиглэлээр нийгмийн салбарт хийх ажлуудыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн энэ оны төсвөөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн зарцуулах зардлыг 68 тэрбум төгрөгөөр баталсан байна.