Бие даалтын долоо хоног эхэлснээр нийслэлийн замын ачаалал 30 хувиар буурчээ

Бие даалтын долоо хоног өнөөдрөөс нийслэлд эхэлж, орон нутагт энэ сарын 23-нд эхэлсэн байна. Шинэчилсэн хичээлийн хуваарийн дагуу сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралт дөрөвдүгээр сард, III улирлын амралт зургаадугаар сард эхлэхээр тогтжээ.
Улаанбаатар хотын авто замын ачаалал бие даалтын долоо хоног эхэлсэнтэй холбоотойгоор 30 хувиар буурсан талаар Хотын даргын орлогч А.Амартүвшин мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “08:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн тун сийрэг байна. Хичээлийн бие даалтын 7 хоног эхэлсэн буюу ЕБС-ийн амралттай холбоотойгоор түгжрэл 30 хувиар багассан” гэж бичжээ.
Бие даалтын долоо хоногийн дараа II улирлын албан ёсны амралт ирэх дөрөвдүгээр сарын 6-ноос 10-ны хооронд үргэлжлэх юм.
Энэхүү зохицуулалт нь нийслэл болон орон нутгийн бүх сургуулиудад нэгэн адил мөрдөгдөж, хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид 34 долоо хоног, дунд ангийнхан 35 долоо хоног, ахлах ангийн сурагчид 36 долоо хоног хичээллэхээр төлөвлөгдсөн байна.
