Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа

2026-02-27 11:301min
20260227-113030-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаагаа мэдэгдлээ. Хуулийн төсөлд гишүүний ёс зүйн зөрчил, тангаргаасаа няцсан тохиолдолд эгүүлэн татах үндэслэлүүд тусгагдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.02.27/ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачилсан талаар мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрийн мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

Монгол Улс Парламентын засаглалтай бөгөөд парламентын дархлаа, нэр хүнд нь тус улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, Үндсэн хуулийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж Ерөнхийлөгч үзэж байна. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, иргэд сонгогчдын итгэл нь парламентын дархлааны үндсэн бүрдэл хэсгүүд юм.

Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргаж байгаа ч гишүүний дархан эрхээр хамгаалагддаг нь хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлага иргэдээс тавигдаж байгаа тул Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт амьдралд хэрэгжих эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь засагдах ёстой гэж үзжээ. Иймд Ерөнхийлөгч уг заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хуулийн төслийг санаачилсан байна.

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлүүдийг дараах байдлаар тусгасан байна:

– Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх;
– Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татах;
– Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол гишүүнийг эгүүлэн татах;
– Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг нэмэгдүүлж, жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах.

Энэхүү хуулийн төсөл нь парламентын нэр хүнд, ёс зүй, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн байна.