Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хэсгийн хурал хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас жил бүрийн 7-р сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон баталсан байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг 2026 оны 2 дугаар сарын 26-нд хуралджээ.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг боловсруулж танилцуулах, “Нүүдэлчдийн соёлын өв- Мал аж ахуйн ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн концепц, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд оролцох гадаадын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын жагсаалт, Бүгд Найрамдах Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг эх орондоо авчрах, сэлгэх асуудлын явцыг танилцуулжээ.
Түүнчлэн малчдын дунд цахим дэд бүтцийн хэрэглээг нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцсэн байна.
Шадар сайд Х.Ганхуяг дэд ажлын хэсгүүдэд хариуцсан чиглэлээрээ хөтөлбөр, төлөвлөгөөг эцэслэх, арга хэмжээний үзэл баримтлал болон Ерөнхийлөгчийн санаачилгатай уялдуулан уриа, логоны загварыг боловсруулах үүрэг өгсөн байна.
Ирэх долоо хоногт ажлын хэсгийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, нэгдсэн төсвийг хэлэлцэн эцэслэх, зарим ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгасан юм.
