Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” уриатайгаар 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүнд 597 гишүүн багтсан бөгөөд II хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна.
Хуралдаанд оролцож буй хамгийн ахмад гишүүн нь Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон бөгөөд хамгийн залуу гишүүн нь 24 настай Д.Баасандорж юм.
Хуралдааны үеэр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал улс төрийн илтгэл тавих бөгөөд намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөжээ.
Энэхүү Бага хурлын II хуралдаан онцлогтой бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдаан зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулах юм.
Бодлогын хороодын нэрс нь:
– “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
– Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
– Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
– Хот байгуулалтын бодлогын хороо
– Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
– Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
– Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
– Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
– Эрүүл мэндийн бодлогын хороо
– Технологи, инновацийн бодлогын хороо
– Хүний эрхийн бодлогын хороо
