Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах олон улсын сонгон шалгаруулалтыг зарлана

2026-02-12 10:301min
20260212-103031-file.jpeg
Засгийн газар Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлах эрхийг олгожээ. Ордыг 2026 он гэхэд эдийн засгийн эргэлтэд оруулах, 1 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөж байна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон байна.

Нэгдүгээр сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулсан билээ. Тус ажлын хэсэг эдийн засгийн тооцооллыг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа сонгон шалгаруулалт зарлах эрхийг авсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.

Бортээгийн ордод 2020 онд ТЭЗҮ боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийгдсэн бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ энэ оны эхний улиралд дуусах төлөвтэй байна.

Ордын нийт нүүрсний нөөц 424 сая тонн бөгөөд үүний 95 хувь нь сул коксжих нүүрс, таван хувь нь эрчим хүчний нүүрс юм. Ордыг 2026 он гэхэд эдийн засгийн эргэлтэд оруулж, 1 тэрбум ам.долларын нэмэлт орлого олохоор төлөвлөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугийн мэдээлснээр, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил өндөрлөхөд Баруун, Зүүн цанхиас гарах 30 сая тонн нүүрсний экспортод 15 сая тонн нэмэлтээр гаргах бэлтгэл хийгдэж байна.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална:
– Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй байдлаар санал авах
– Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
– Төслийн үр өгөөжийн ихэнхийг Монгол Улсад ногдуулах
– Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
– Эдийн засгийн эргэлтэд оруулах бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг ил тод зохион байгуулах

Бортээгийн төсөл бодит орлого бий болгосноор байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, үндэсний баялгийн сан арвижих бөгөөд нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэхээр байна.