Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 88 хувьтай үргэлжилж байна

2026-01-07 21:011min
20260107-210137-file.jpeg
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 2023 оноос эхэлж, одоогоор 88 хувьтай үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далангийн төслийн хүрээнд тохижилтын ажил удааширсан ч ирэх гуравдугаар сараас үргэлжлэхээр төлөвлөжээ.

Нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын онцлог нь жил дамнан үргэлжлэх явдал юм. Тухайлбал, Сэлбэ дунд гол дагуу үерээс хамгаалах бетонон хана барих ажил 2023 оноос эхэлсэн. 2023 оны зун их бороо орсны улмаас дунд гол далан даван үерлэж ойр орчмын байрууд үерт автсан тул S’Outlet дэлгүүрийг буулгаж, натурын гүүр хүртэл 1.4 км урттай үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Үерийн хамгаалалтын далангийн ажил дууссаны дараа тухайн орчимд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөсөн ч өнгөрсөн зургадугаар сард дуусах ёстой байсан ажил хойшилж, тохижилтын ажил эхэлээгүй байна.

Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, ойролцоогоор 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн барьж эхэлсэн юм. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас уг ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд тохижилтын ажлыг хариуцахгүй гэж мэдэгдсэн байна.

Нийслэлийн Хот тохижуулалтын газраас ногоон байгууламжийн ажлыг Хөрөнгө оруулалтын газар хянаж байгаа бөгөөд тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн тухай мэдээлсэн. Тэд Сэлбэ-Дунд голын хэсэгт явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, сандал зэрэг тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд түшиц хананы ажлыг хурдан дуусгах талаар удаа дараа сануулсан ч ажил хойшилсоор байна.

2026 оны нэгдүгээр сарын 6-нд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, түшиц хана болон тохижилтын ажлын явцтай танилцжээ. Ирэх гуравдугаар сараас Сэлбэ голын тохижилтын ажил үргэлжлэх бөгөөд түшиц хана болон голын голдирол тохируулах ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Үлдсэн тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэхээр болсон байна.

Төслийн хүрээнд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр төмөр бетон далан баригдаж байгаа бөгөөд энэ нь Натурын гүүрнээс төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Голын голдирол тохируулахад зориулан баруун, зүүн талдаа 3 метрийн чулуун бэхэлгээ, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээгээр малгай хийх аж. Түшиц хананы ажил дууссаны дараа Сэлбэ голын эргээ дагасан 2.5 метр өргөнтэй явган хүний замыг барих юм.

Тухайн орчимд амьдардаг иргэд ажил удаашралтай байгааг шүүмжилж, 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д мэдэгдсэн ч ажил хугацаандаа дууссангүй.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. 2025 онд нийт 3933 нэгж талбарыг чөлөөлсөн бол 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 20218 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Эдгээрт дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурван ажил, барилга байгууламжийн 46, авто зам, замын байгууламжийн 43, инженерийн шугам сүлжээ болон түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 23 төсөл хөтөлбөр багтаж байна.

2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн бөгөөд 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөлсөн байна. Мөн инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлжээ.