Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихаас сэрэмжлүүлэв

Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ болон зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэсэн хууль бус зар, мэдээлэл ихээр тархаад байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд энэ талаар сэрэмжлүүлэг хүргэж байна.
Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналыг олгох бүрэн эрх нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон байдаг. Эдгээр шагналыг иргэн, байгууллагын улс орны хөгжил, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан бодит хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог журамтай.
Төрийн одон, медаль нь хувь хүний нэр төр, төрийн бэлгэдэл, түүхэн үнэ цэнийг илэрхийлдэг онцгой ач холбогдолтой шагнал юм.
Гэвч эдгээр шагналыг худалдах, худалдан авах, бусдад дамжуулах, хуурамчаар үйлдэх оролдлого гарч байгаа нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогддог. Хууль тогтоомжид ийм төрлийн зөрчилд хатуу хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
“Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах, зуучлах үйлдэл гаргасан иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, харин хуулийн этгээдийг нэг мянга тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн тус хуулийн 15.21.1-т зааснаар төрийн одон, медаль, улсын цолоор шагнагдаагүй хүн уг шагналын тэмдэг, одон, медалийг зүүсэн, өөрийгөө шагнагдсан мэтээр илэрхийлсэн тохиолдолд тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Төрийн шагналыг зөвхөн хууль ёсоор хүртсэн хүн зүүх эрхтэй бөгөөд бусдад дамжуулах, зүүхийг хориглодог.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд цахим орчинд тархаад буй төрийн одон, медальтай холбоотой хууль бус зар, мэдээлэлд автахгүй байх, ийм төрлийн хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулж байна.
