Ирэх оноос хагас коксыг дотооддоо 100 хувь үйлдвэрлэнэ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэж буй түлшний чанар болон хагас коксын түлш рүү шилжих зөвлөмжийн хэрэгжилт, бодит үр дүнг хэлэлцэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр энэ жил хагас коксын хэрэглээнд шилжсэнээр агаарын чанарт бодит үр дүн гарч эхэлснийг онцлов. Тэрбээр 2025–2026 оны галлагааны улиралд эрдэмтдийн зөвлөмжийн дагуу хагас коксыг үндсэн түлш болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.
Энэхүү шийдвэрийн хүрээнд түлшнээс үүсэх ялгарлыг ойролцоогоор 50 хувиар бууруулах, нийслэлийн агаарын чанарт 27–28 хувийн эерэг нөлөө үзүүлэх тооцоолол гарсан байна. Энэ үзүүлэлт нь нийслэлийн агаарын бохирдол олон хүчин зүйлээс хамаардаг болохыг харгалзан тооцоолсон дүн юм.
2025 оны арванхоёрдугаар сарын 1–21-ний хооронд хийсэн урьдчилсан тооцоогоор 23–24 хувийн эерэг үр дүн гарсан байна. Эрдэмтдийн зөвлөл дүгнэлтээ гаргаж, мэргэжлийн байгууллага, лаборатори, судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа бөгөөд уг дүн шинжилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Иргэд цахим орчинд үйлдвэрт бүрэн боловсруулсан түлшийг гадаадаас авч байгааг шүүмжилж байгаа талаар Ц.Эрдэнэбаяр тайлбарлаж, одоогоор Монгол Улсад нүүрсний брикет болон хагас коксын бүрэн хэмжээний үйлдвэр байхгүйг онцлов. Гэсэн хэдий ч энэ жил хагас коксын хэрэглээнд шилжсэнтэй уялдуулан дотоодын үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд ирэх оноос хагас коксыг дотоодоосоо ханган нийлүүлэх боломж бүрдэхээр байгааг мэдээлэв. Тэрбээр мөн тодорхой нөхцөлд, тухайлбал дулаан улирал болон утаа багатай үед өмнөх шахмал түлш, мидлингийн нөөцийг хязгаарлагдмал хэмжээнд ашиглахыг дурдав. Харин ид хүйтний улиралд, агаарын бохирдол өндөр үед дотоодод үйлдвэрлэсэн хагас коксоор үндсэн нийлүүлэлтийг хийхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.
