Москва хотод автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч Оросын генерал амь үрэгджээ

2025-12-23 10:001min
20251223-100040-file.jpeg
Москва хотын өмнөд хэсэгт автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч, Оросын армийн дэслэгч генерал Фанил Сарваров амь үрэгджээ. Мөрдөн байцаагчид халдлагын олон хувилбарыг шалгаж байна.

Даваа гарагийн өглөө Москва хотын өмнөд хэсэгт суудлын автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч, Оросын армийн генерал амь үрэгджээ.

ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын хэлтсийн дарга, дэслэгч генерал Фанил Сарваров орон сууцны зогсоолд байрлуулсан автомашиндаа суух үед дэлбэрэлт болсон байна.

Оросын Мөрдөн Байцаах Хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко хэлэхдээ, мөрдөн байцаагчид аллагын олон хувилбарыг шалгаж байгаа бөгөөд үүнд Украины тагнуулын албаны зохион байгуулсан ажиллагаа байх магадлал багтжээ.

Орон нутгийн хэвлэлүүд дэлбэрэлтийн улмаас эвдэрсэн цагаан өнгийн Kia суудлын автомашины зургийг нийтэлсэн байна.

Фанил Сарваров 56 настай бөгөөд 1990-ээд оны үед Чечень болон Ар Кавказын бүс нутагт явуулсан Оросын армийн байлдааны ажиллагаанд оролцож байжээ.

Мөн 2015-2016 онуудад Сири дэх Оросын цэргийн хүчийг удирдаж байсан юм.

Сарваровын амь үрэгдсэнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд дуулгасан талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Энэхүү халдлага нь АНУ-ын Майами хотод Украины дайныг дуусгах асуудлаар зохион байгуулагдсан гурван өдрийн уулзалт дууссанаас хойш хэдхэн цагийн дараа болсон байна.

2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Оросын армийн өндөр албан тушаалтнууд болон Кремлийн суртал нэвтрүүлэгчдийг чиглэсэн хэд хэдэн халдлага гарсны ард Украины тусгай албад байж болзошгүй гэж үздэг.

2024 оны дөрөвдүгээр сард Москвагийн ойролцоо автомашин дэлбэрэхэд Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, генерал Ярослав Москалик амь үрэгдэж байв.

2024 оны арванхоёрдугаар сард Москвагийн орон сууцны гадна цахилгаан скутер дэлбэрэхэд Оросын армийн цацраг туяа, хими, биологийн зэвсэгт хүчний тэргүүн Игорь Кириллов амиа алдсан юм.

Кирилловыг алагдахад Оросын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг аюулаас хамгаалах байгууллагуудын “том алдаа” хэмээн нэрлэж, алдаанаасаа суралцах ёстойг анхааруулсан байна.

2023 оны дөрөвдүгээр сард Санкт Петербургийн нэг кафед баримал дэлбэрэхэд Оросын цэрэг дайны блогчин Максим Фомин алагдсан.

Мөн 2022 оны наймдугаар сард автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас хэт үндсэрхэг үзэл номлогч Александр Дугиний охин Дарья Дугина амиа алдсан юм.