Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байна

2025-12-23 09:301min
20251223-093024-file.jpeg
2025 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо нэмэгдсэн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Эрүүл мэндийн яамнаас 2025 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг танилцууллаа. Томуугийн тандалтын мэдээллээр нийт 2,666 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 64.7 хувь буюу 1,725 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байна. Энэ үзүүлэлт өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 54 хүн байгаа аж.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 49.5 хувь буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байна. Энэ тохиолдол өмнөх өдрөөс хоёроор нэмэгдсэн байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлсэн бөгөөд тэдний 65.3 хувь буюу 956 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт өмнөх өдрөөс 386 тохиолдлоор өссөн байна.