Монгол Улсын Төрийн далбааг Ирландын Дублин хотод гэрэлтүүлэн мандуулна

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой болон Монгол-Ирланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Ирланд Улсын Дублин хотын захиргаатай хамтран Монгол Улсын Төрийн далбааг “Сэмюэл Бекетт гүүр” дээр гэрэлтүүлэн мандуулах ёслолыг 12 дугаар сарын 29-ний 18:00 цагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бэлгэдэл бөгөөд Ирланд Улсад амьдарч, ажиллаж, суралцаж буй монгол иргэдэд зориулсан баярын мэндчилгээ, хүндэтгэлийн онцгой арга хэмжээ юм.
Иймд Монголчууд болон Ирландын хамтран ажилладаг байгууллага, иргэдийг энэхүү ёслолыг үзэж сонирхон, Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхийг Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас урьжээ.
