УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцортол хуралдаанд суухгүй хэмээн суулт зарласан. Улмаар “УИХ-ын дарга М.Энхболд огцор, М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэсэн бичгийг өргөн барив. ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэх үеэр суулт зарласан дөрвөн гишүүн чуулганы танхимд орж ирж УИХ-ын даргын өмнө зогслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргав. Мөн УИХ-ыг бойкотолсон асуудлаар санал хэллээ.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх үүднээс сайдын томилгоог хийчихмээр байна. Сангийн сайд байсан хүний хувьд Ч.Улаан сайдыг аваад явчихна гэдэгт итгэж байгаа. ХАА-н салбарыг удирдах гэж байгаа хүн бол өрөөндөө суудаггүй, хөдөө явдаг сайд. Эртхэн шиг сайдыг нь томилмоор байна. Одоо бие биенээ шантаажилдаг байдлаа болимоор байна.” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: ХХААХҮЯ-ны асуудал орж ирлээ. Араас нь хоёр яамны асуудал орж ирэх гэж байна. Яагаад бойкотлоод байгаа юм. Энэ 4 гишүүн хуулийн дагуу асуудлаа тавьчих. Үндэслэлээ гаргачих. Зүгээр л тавьтаргүй хэдэн гишүүдийн тоглоом УИХ биш. 60 тэрбумынхаа асуудлыг одоо ярьсан нь дээр. Болсон болоогүй юм яригдаад явж байх нь үнэхээр хэцүү байна. Цагдаа сэргийлэх нь асуудлаа гаргаад ир, тэрийг нь ярья. Ер нь Ж.Мөнхбат гишүүн бланкаа гаргаад ир. Хэдүүлээ таръя. Ард түмний итгэлийг хүлээж чадаж байгаа нь дахиад гараад ирнэ биз. Хоншоороо харцгаая. Горимын санал бол дараагийн асуудлыг хэлэлцэх санал хурааж өгөөч.”
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Цаас бариад зогсож байгаа 4 гишүүн энэ явдлаа зогсоохыг шаардаж байна. Та 4 жинхэнэ утгаараа манантуулаад зогсож байна. Ард түмний амьдрал доройтож байна. Тиймээс цаашид асуудлуудад хэн яаж, хэрхэн хандахаа яримаар байна. Бид ажлаа хиймээр байна. Хөдөө орон нутагт хүйтний эрч чангарсан хүнд байгаа. Хоёрдугаарт, 60 тэрбумын асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж би үзэж байгаа. Ард түмний өөдөөс харж байгаад нээлттэй ярилцъя. Бойкотолж байгаа асуудлыг би ерөөсөө ойлгохгүй байна. Үнэхээр давхар дээлээ даахгүй байгаа юм бол дан дээлтэй бол. Засгийн газрын гишүүдийг гаднаас томилооч. Монголын ард түмнийг басан доромжилж болохгүй. Гурван долоон хоног сайдаа томилж чадахгүй, ширэн нүүрлээд сууж байна шд.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Энэ явдлыг хараад энэ нөхдөөсөө, өөрсдөөсөө ичиж байна. Би нэг уриалга гаргая. 60 тэрбум, ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүс бүгд шалгуул. Ер нь нам дотор байгаа юмыг олон нийтэд ил гарга. Тэгж байж үнэн цагаан нь тайлагдана. Би энэ 4 гишүүнээс нэг юм хүсмээр байна. Хууль хяналтын байгууллагад оч. Та нар ийм хэргүүд дээр ингэж ажиллаж байна, хардаж байна, шалга гээд шаард л даа. Тэгэхгүй бол бүгд энд шударга үнэний туйл болоод зогсож байгаа нь өрөвдөлтэй харагдаж байна. Бүгдээрээ яваад шалгуулъя. Чин сэтгэлээсээ ийм санал гаргаж байна. УИХ ажлаа хийхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байна. УИХ-ыг таръя гэвэл бүгдээрээ өргөдлөө бичиж өгөөд дахин сонгуулиа явуулъя.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Өнөөдөр шаардлага тавиад байгаа энэ улсууд хуулийн хүрээнд байх ёстой. Тэгэхээр тавьж байгаа шаардлагаа хуулийн хүрээнд тавь. Тэгэхгүй бол Засгийн газар нь УИХ-аа бойкотлоод байж болохгүй. Тиймээс 60 тэрбум, ЖДҮ-гийн асуудалд холбогдсон гишүүд хууль хяналтын байгууллагад ажиллах боломж олгоё. Гишүүд халдашгүй дархан эрхээсээ өнөөдөр татгалзъя. Энэ 4 гишүүн ч татгалзах хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ ээ, айхгүй биз дээ?
Энэ мэтчилэн гишүүд горимын саналаа хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын хэлэлцүүлгийг зохион байгуулж болно. Би татгалзаад байгаа юм биш. Тийм юм байдаг бол ярихад татгалзах зүйл байхгүй. УИХ-ын үйл ажиллагааг тасалдалгүй явуулах ёстой.” гэв.
Ингээд Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс гаргасан “дараагийн асуудлаа хэлэлцье” гэсэн горимын саналаар санал хураахад 38 гишүүнээс 52.6 хувь нь дэмжлээ. Ийнхүү ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хойшлууллаа. Үүний дараа зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг батлав. Одоо Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
Харин нэр бүхий гишүүдийн бойкот үргэлжилж байна.
2 comments
Enkhbold ivhij amdardag boloosoi, burhan eniig hezee avch yvah boloo,
Бүгдээрээ гараа өргөөд УИХ тарахаасаа өмнө бүгдээрээ шалгуулж тарвал таарна. Энхболдыг буулгавал ханьсах гишүүд олон байгаа бололтой.Үүрэг, Хариуцлага, Ухамсар эднээс хүлээгээд ч хэрэггүй. Бүгд тарах хэрэгтэй!