Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан нь тэр үедээ нэлээд шуугиан дэгдээсэн.
Тэгвэл сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогтыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар хэрэг үүсгэх саналтайгаар прокурорт шилжүүлсэнийг прокуророос хянаж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 20.7.1-д: Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.16.2-д: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.