Раднаабазарын Жаргалмаа гэх энэ бүсгүй 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн Анагаахын их сургуулийг төгссөн бөгөөд түүнээ хойш Афганистанд ажиллаж байгаа аж. Тэрээр Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн юм.
Түүнийг сая гаруй хүүхийн амь аварсан тухай сайхан мэдээллийг “Asia Russia” цахим хуудаст онцолжээ. Тэрхүү буянтай, зоригтой бүсгүйг Раднаабазарын Жаргалмааг Бангладешийн хотын иргэд Чингис хааны ач охин ирлээ хэмээн баяртайгаар хүлээн авчээ.
Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажилладаг байна. Бангладеш нь Азийн хамгийн ядуу улсын нэг. 2015 оны байдлаар 168 сая хүн амтай гэж тоологджээ. Кокс-Базар хот нь Бенгалийн булангийн эрэгт оршдог, өнгөрсөн жилээс дүрвэгч, цагаачдын лагерь майхан хот болсон байна. Тэнд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн очдог ажээ. НҮБ-ын Дээд комиссарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхин очсон байна. Р.Жаргалмаа бүсгүй өмнө нь Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. 2015 оны 4, 5 дугаар сард Афганистаны хойд зүгт орших Кундуз сууринг талибууд бүслэн, есөн сард эзлэн авсан байна.
Тэр үед Кундузын 250 мянган гэр бүлийн хүүхдүүдийг вакцинд хамруулах ёстой байж. НҮБ-ыг төлөөлөн талибуудтай гэрээ хэлцэл хийх байсан Кабул дахь НҮБ-ын төлөөлөгчид ирэх боломжгүй болсон тул Кундузид ажиллаж байсан Жаргалмаа болон дөрвөн ажилтан талибуудтай уулзжээ. Тухайн үед Жаргалмаа ихэд сандарсан тухайгаа хожим ярьсан байна. Араб болов уу гэмээр царайтай таван залуу хэлэлцээ хийхээр иржээ. Тэд Р.Жаргалмаагаас “Та япон уу?” гэж асуухад тэрбээр “Би монгол” хэмээн хариулсан байна.