Кино урлагийн анхны гэх тодотголтой шагнал бүрийн эзэн Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуяг аавынхаа мэргэжлийг өвлөн жүжигчнээр ажиллахдаа 60 гаруй тайзны уран бүтээл, 100 гаруй кинонд дүр бүтээсэн. Урлагийн тогоонд 30 гаруй жил зүтгэж байгаа энэ эрхэм хүнд Нохой жилийн босгон дээр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгосон нь эзнээ олсон шагнал гэлтэй. Одоо “Сити дээд сургууль”-д багшилж байгаа түүнтэй оюутнуудаараа жүжгийн сургуулилалт хийлгэж байх үеэр нь очиж ярилцлаа.
-Цагаан сарын босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгасан танд юуны өмнө баяр хүргэе. Нүдээ олсон шагнал авчээ гэсэн олон түмний сайшаалын эзэн болсон таныг ярилцлагынхаа хойморт урьж байна. Баярт мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хойморт уригдах хүн би мөн болов уу даа. Хаяа хатавчаар сууж байсан ч болохгүй зүйлгүй л санагддаг юм. Хүндэлж явдаг бурхан шиг багш нар минь амьддаа хорвоогийн тоосыг хөдөлгөж чадсан ч хойморт заларч чадалгүй бурхны орон руугаа буцсан тул би баахан санаа зовоод байна. Тэднийг үхсэн хойно нь л магтаал гавьяа нь ирсэн байх. Ер нь хүн амьддаа их магтуулахаар эвдрээд дуусдаг тул зохидоггүй. Муулуулж байна аа гэдэг чи амьдарч байна гэсэн үг. Нүдэнд харагдахуйц ажил хийгээгүй хүн муулуулдаггүй юм. Ээж минь Төмөрбаатар ахыг Төрийн соёрхолт аваад орж ирж байхад хар цай аягалж өгчихөөд “Сүүгүй цай шүү, шагнал бол яах вэ дээ олныг л харлаа. Та хэд аавынхаа дайнд хүрэх болоогүй байна” хэмээн биднийг хурцалж байж билээ. Ер нь сайн аав ээжийн буян, мундаг багш нарынхаа ачаар л энэ шагналыг авч дээ гэж боддог. Багш нар, бурхан болоочдыгоо ярихаар өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд ирдэг юм.
-Багш нараасаа уламжилсан эрдмээсээ юуг нь шавь нартаа өвлүүлэхийг зорьдог вэ?
-Багш нар минь надад жүжиглэхийг зааж өгөөгүй. Өгөгдсөн орон зайдаа яаж амьдрахыг л зааж сургасан. Ер нь жүжигчин гэдэг нэрэнд ч дургүй. Угтаа бол тэр чигээрээ хүн судлалын ухаан байдаг. Миний багш нар бол гайхалтай хүмүүс. Намайг “Чи жүжигчин болохгүй ээ” гэж Ю.Оюун багш минь хэлдэг л байлаа. Багшдаа баярлаж явахаас яах билээ. Ер нь өөрийгөө Ц.Гантөмөр гуайтай нэг уран бүтээлд тоглож явсан, алтан үеийн шувтаргыг үзсэн азтай хүн гэж ярих дуртай. Энэ салбарт нэг бол сайн, эсвэл адагт бай гэсэн хоёр л сонголт байдаг. Заримдаа өөрөөсөө өөр дүр гаргахын тул зүрхний дээд, доод ховдол руугаа цусаа тултал шахаж байж дүр амилдаг байх. Үүнийг л өвлүүлэхийг хичээдэг.
-Үзэгчид кинонд тоглосон сөрөг дүрд таатай бус ханддаг. Гэхдээ хүний дургүйг хүртэл тоглож байна гэдэг өөрөө авьяас байх. Гэхдээ арай өөр дүрд тоглох юмсан гэж дотроо бодож үзсэн үү?
-Адагт байхад ч авьяас хэрэгтэй байлгүй яах вэ. Амьдралд “атаман” яваагүй ч тайз дэлгэцийн олон бүтээлд детектив дүр олныг бүтээлээ. Багадаа “Чи хамгаалуулах аавтай биш” гэж хэлүүлэн зодуулж байсан ч үе бий. Харин одоо хүнд зодуулахааргүй олон шавьтай болж, ард түмэндээ тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгджээ. Үнэндээ би чинь ийм хүн биш шүү дээ гэж халаглаж тоглох ч дүр бий.Тайзан дээр харагддагаасаа илүү уяхан, хүн болгоны л хүсдгийн адил гэгээн зөв зам мөртэй явах гэж хичээдэг. Харин хүнд хүссэн дүр бүр нь оногдохгүй л юм. Хэрвээ би Гамлетад тоглосон бол гэж бодон нууцхан бэлддэг байсан. Одоо ч бараг бүтэхгүй биз. Энэ дүр бол оршихуйн утга учир үндэсийг судалж болохоор гайхалтай дүр.
-Та нялх Сэнгүмийн дүрээ “Намайг тодорхойлохуйц дүр” гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Таны хайртай дүр, найруулсан бүтээл аль нь вэ?
-“Хайртай бол хартай” гээд кино маань надад олз ашиг авч ирсэн. Ямар ч уран бүтээл, дүрд би дурлан амьдрахыг хичээдэг. Тэр дундаа театрынхаа тайзан дээр бол жүжгээ тоглож байгаад насан эцэслэсэн ч харамсахгүй. Цалингаа бодвол инээдтэй ч энэ бол бидний дуртай ажил шүү дээ. Хүн дуртай зүйлээрээ мөнгө олох хамгийн амттай.
-Цагааны Цэгмид гэж агуу жүжигчнийг монголчууд бүтээсэн дүрээр нь андахгүй. Аавыгаа та хэрхэн дурсдаг вэ?
-Намайг есөн сартай байхад аав минь орхин одсон. Аавыгаа амьдралаас илүү уран бүтээлээс нь харж, ийм хүн байж дээ гэж таньсан. Гэхдээ аавын минь үлдээсэн уран бүтээл урлагийн хүнд босго тогтоожээ гэж боддог. Ерөнхийлөгчөөс шагнал гардахдаа би Цагааны Цэгмидийн Төмөрхуяг гэж цоллуулж гарсан. Над шиг өвөөгөө хүртэл дуудуулан гардаг монгол хүн олон байхгүй дээ. Цагааны Цэгмид гэдэг энэ овог миний гавьяатын шагналаас ч илүү эрхэм юм даа. Хэрвээ одон болгоод зүүх боломжтойсон бол би өдөр бүр зүүх байлаа.
3 comments
эргүүтээд бай
ter tom ner hundiig gutaalgui shig yavaarai.
яг юу гэх гээд байгаа нь мэдэгдэхгүй ярилцлага байна. Өөрийгөө магтаад байна уу, эсвэл доош нь хийгээд байгаа юм уу бүү мэд