Нигерийн цэргүүд “Боко Харам” бүлэглэлийн дайчдын үйлдсэн халдлагын дараа Дапчи тосгоноос алга болсон сургуулийн 80 орчим сурагч охиныг аварчээ. Энэ талаар орон нутгийн эрх бүхий албан тушаалтны мэдээлэлд үндэслэн CNN агентлаг мэдээлсэн байна. Охидыг Йобе, Борно мужуудтай хиллэдэг хотоос энэ сарын 21-нд олсон байна. Харин яг хэдий тооны сурагч аврагдсан болохыг сургуульд дахин тооллого хийсний дараа гаргаж зарлахаар болжээ.
Харин “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар Нигерийн цэргүүд 76 охиныг аварсан ч хоёр хүүхэд амиа алдсан байдалтай олдсон гэнэ.
Энэ сарын 19-нд “Боко Харам”-ын зэвсэгт дайчид 11-ээс дээш насны охид суралцдаг тосгоны сургууль руу халджээ. Энэ хэргийн дараа 111 сурагч алга болсон байна. Тус бүлэглэл 2014 оны дөрөвдүгээр сард мөн л Нигерийн Чибок дахь лицейгээс 276 охиныг хулгайлсан юм. Хожим нь 57 нь зугтаж, 2016 оны аравдугаар сард 20 охиныг Нигерийн засаг захиргаа, Швейцарийн төлөөлөгчид олон Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрийн дагуу сулласан билээ. Мөн 2017 оны тавдугаар сарын 6-нд 82 охиныг чөлөөлсөн. Одоогийн байдлаар 100 орчим сурагч сураггүй алга болсонд тооцогдож байна.