ХБНГУ-ын консерваторууд болон социал демократууд Засгийн газраа байгуулахаар тохиролцлоо. Засгийн газрын бүрэлдэхүүнд Мартин Шульц, Хорст Зеехофер нар орж байгаа юм. Гэхдээ улс орны байдал урьдын адил Меркелиэс шалтгаалсан хэвээр байгаа тухай шинжээчид ярьж байна.
Хамгийн удаан хэлэлцээр
Өнгөрсөн лхагва гарагт Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбооны эвсэл болон зүүний төвийн Социал демократ намынхан дунд ээлжит хэлэлцээр болж өндөрлөлөө. Бараг нэг хоног хэртэй үргэлжилсэн уг хэлэлцээр өглөө эрт дууссан юм. Хэлэлцээрийн дүнд Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбооны тэргүүн Ангела Меркель, Социал демократ намын дарга Мартин Шульц нар эвслийн гэрээ байгуулснаа зарласан.
Хэлэлцээрт албан ёсоор оролцогчид дараагийн танхимынхаа бүрэлдэхүүнд орох хүмүүсийн нэрсийг зарлаагүй байна. Гэхдээ “Bild”, “dpa”, “Süddeutsche Zeitung” болон Германы бусад хэвлэлүүдийн намын удирдлагууд дахь эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн аль яамыг хэн гэгч улстөрч тэргүүлэх тухай мэдээлэл гаргажээ.
Эвслийн тухай хэлэлцээ өнгөрсөн оны есдүгээр сараас буюу парламентын сонгуулиас хойш эхэлсэн бөгөөд ХБНГУ-ын түүхэн дэх хамгийн сунжруу, урт үргэлжилсэн хэлэлцээ болсон. Ерөнхийдөө Германд дайнаас хойш бундестагийн сонгууль дуусаад шинэ Засгийн газар бүрдтэл сар хагасын хугацаа зарцуулдаг. Харин энэ удаад сонгуулийн дараа огцрох ёстой байсан Засгийн газар дөрвөн сар гаруйн турш шинэ Засгийн газрыг бүрдтэл үүргээ гүйцэтгэхээс өөр аргагүй болжээ.
Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбоо сонгуулийн дараа Чөлөөт ардчилсан нам, “Ногоонтнууд”-тай хэлэлцээ хийсэн боловч нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй. Үүний дараа Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбоо Германы Социал демократ намтай хэлэлцээ эхлүүлэх санал тавьсан байна. Энэ эвслийг их эвсэл гэдэг бөгөөд 2013 оны сонгуулиас хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбоо ба социал демократуудын хооронд гэрээ хийхийг Германы Социал демократ намын бүх гишүүдийн саналаар батлах ёстой байв. Хоёрдугаар сарын 6-ны оройноос өмнө тус намд элссэн бүх гишүүн шуудангаар гэрээний материалыг хүлээн авч, танилцсаны дараа саналын хуудаст зөвшөөрсөн гэсэн гарын үсэг зураад илгээх ёстой байв. Санал асуулгын үр дүнд ирэх сарын 3-4-нд зарлах ёстой байсан бөгөөд олонхийн саналаар зөвшөөрсөн тохиолдолд Германы Социал демократ намын удирдлагууд эвсэл байгуулахыг хүлээн зөвшөөрч, сайд нарын танхим сонгуулиас хойш бараг хагас жилийн дараа ажилдаа орох байв. Өнгөрсөн удаад 2013 оны арванхоёрдугаар сард нам дотор эвсэл байгуулахыг сайшааж, шинэ Засгийн газар бүрдтэл гурав хоногийн хугацаа зарцуулсан юм.
Социал демократуудын идэвхжил
Германы хэвлэлүүдэд мэдээлснээр канцлерийг тооцохгүйгээр 15 сайдын суудлын зургааг нь Христийн ардчилсан холбоо, зургааг нь Германы Социал демократ нам, гурвыг нь Христийн ардчилсан холбооны “дүү”, Баварт үйл ажиллагаа явуулдаг Христийн социалист холбоо авахаар болжээ. Засгийн газрыг Христийн ардчилсан холбооны тэргүүн Ангела Меркель дөрөв дэхээ тэргүүлнэ.
Шинэ Засгийн газар батлагдаагүй, албан ёсоор зарлагдаагүй байгаа ч зарим мэдээллээс үзэхэд социал демократуудын гарт одоогийнхоос илүү эрх мэдэл төвлөрч байгаа гэнэ. Германы Социал демократ нам өнгөрсөн есдүгээр сарын сонгуулиар дайнаас хойших түүхэн дэх хамгийн муу үр дүн үзүүлж, ердөө л 20.5 хувийн санал авсан юм. Forsa-гийн нэгдүгээр сарын санал асуулгаар Германы Социал демократ намын нэр хүнд 17 хувь болтлоо буурчээ.
Шинэ танхимд социал демократууд эдийн засаг, эрчим хүчний сайдын суудлыг авч чадахгүй нь бололтой. Гэхдээ Сангийн яамны суудлыг авах нь ээ. Христийн ардчилсан холбоо Дотоод хэргийн сайдын суудлыг Баварын Христийн социалист холбоонд алдсан байна. Үүний оронд Хөдөө аж ахуйн сайдын суудлыг авчээ. Үлдсэн яамдыг намууд хэвээр авч үлдэхээр болжээ.
ХБНГУ Европын холбоо, евро бүсдээ онцгой үүрэгтэйн хувьд Сангийн яамны үйл ажиллагаа Европын холбооны бодлогыг бараг тодорхойлно гэсэн үг. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар нэ яамыг Гамбургийн одоогийн бургомистр Олаф Шольц хэмээх 2017 оны долоодугаар сард G20-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч, Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбоог шинэчлэхийг дэмжигч улстөрч толгойлохоор болжээ.
Меркелийн хувьд Засгийн газраа ямар ч нөхцөлд байгуулахаас өөр аргагүй болсон. Учир нь тэгээгүй тохиолдолд ээлжит бус сонгууль явуулахаас өөр аргагүй болно. Хэрвээ ээлжит бус сонгууль явуулах юм бол улс төрийн хямрал гүнзгийрэх эрсдэлтэй. Гэхдээ Меркель Засгийн газрын бүрэлдэхүүнд орохыг хүчтэй эсэргүүцэж буй Германы Социал демократ намын доторх байр байдлыг мэдэж байгаа болохоор Сангийн сайдын суудлыг өгнө гэдэг буулт хийсний дохио юм.
ГХЯ социал демократуудын гарт
Гадаад хэргийн сайдын суудал урьдын хэвээр социал демократуудын гарт үлдлээ. Гэхдээ намаас Зигмар Габриэлийн оронд Германы Социал демократ намын одоогийн тэргүүн Мартин Шульцыг томилох магадлалтай байна. Шульц намын тэргүүний суудлаа өгөх тухай намаас баталсан ч Гадаад хэргийн сайд болох тухай огт мэдээлээгүй байна.
Баварын зуучлагч
Тэгвэл Дотоод хэргийн сайдын суудалд Хорст Зеехофер болох магадлалтай байна. Зеехофер нь сүүлийн таван жилд Христийн социалист холбоо, Баварын Засгийн газрыг зэрэг удирдаж байгаа. Тэрбээр ДХЯ-ыг тэргүүлж байгаа энэ үед хууль бус цагаачлал анхаарал татаж байна. Төлөвлөгөөгөөр бол яам үйл ажиллагаагаа өргөжүүлж, Дотоод хэрэг, барилга, эх орны яам болох төлөвлөгөөтэй байгаа юм.
Зеехофер барууны үзэлтэй бөгөөд хууль бус этгээдүүдтэй тэмцэх хэрэгтэй гэж байнга уриалдаг. Канцлер Ангела Меркелийн хувьд цагаачлалын бодлогыг чангатгахаас өөр аргагүй болсон гэдгээ ойлгосон энэ үед өөрчлөлтийг бодитоор хүсдэг хүнд Дотоод хэргийн сайдын суудлаа өгөх бололтой. Зеехофер Берлин рүү нүүж ирээд амлалтаа ажил хэрэг болгох магадлалтай байна.
Герман улс эвслийн гэрээгээр нэг жилийн хугацаанд 180-220 мянган дүрвэгч хүлээн авчээ. “Eurostat”-ын мэдээллээс үзэхэд 2017 онд ХБНГУ-д нийт 222 мянган хүн орогнол хүсчээ.