Сар шинийн баярыг тохиолдуулсан төрөл бүрийн үзэсгэлн нээлтээ хийж, баярын бараа, бүтээгдэхүүн худалдаалагдаж эхэлжээ. Цагаан идээ, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гээд хаана ямар үзэсгэлэн болж байгааг хүргэе..
3,4-р хороолол АPEX худалдааны төв
Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг АPEX худалдааны төвийн В1 зааланд цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Хүүхдийн жижиг тэрлэгтэй дээл хамгийн багадаа 40 мянга ба түүнээс дээш үнэтэй худалдаалагдаж байна. Мөн ул боов, цагаан идээ, монгол зөгийн бал зэрэг ч байв. Ааруул нь кг нь 20-25 мянган төгрөгийн үнэтэй.
Тусгаар тогтнолын талбай
“Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн бямба гаригт нээгдсэн. Архангай аймгийн 13 сумын 250 орчим малчин, цагаан идээ үйлдвэрлэгч оролцож байна. Үзэсгэлэнд цагаан идээ, тогооны өрөм, хэвийн боов зэргийг ирэх сарын 10-н хүртэл боломжийн үнэтэй худалдаална.
E-Mart худалдааны төв
“EMart” худалдааны төвд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болж байна. Эндээс үндэсний үйлдвэрлэлийн дээл, гутал, бүс зэргийг худалдан авах боломжтой. Тухайлбал, “Уран-удам” брэндийн монгол гутал 300-350 мянган төгрөг бол “Agni” компанид үйлдвэрлэсэн нэхий дээл 395 мянган төгрөгөөр, мөн ширэн цүнхийг худалдаалж байна. Мөн сар шинийн баярт зориулсан бэлэгний худалдааг ч зохион байгуулж, хэвийн боовны амталгаат худалдаа болж байгаа юм.
“Нарантуул”, “Хар хорин” захад хамгийн хямд үнэтэй
“Наран туул зах”
“Нарантуул”, “Хар хорин” захаас цагаан идээ, дээл, гутал, тавгийн боов, гарын бэлэг, хөөрөг, ууц гээд бүгдийг нэг дороос авах боломжтой. Мэдээж бусад худалдааны төвүүдээс илүү хямд үнэтэй гэдгээр нь хүмүүсийн хөл хөдөлгөөн их. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байх “Нарантуул” захад хос дээл 240-250, булган эмжээртэй дээлнүүд 250-500 мянган төгрөгийн үнэтэй. Хурган дотортой дээл нэг сая 200 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хүүхдийн нимгэн цамц, өмд хосоороо 40-45 мянган төгрөг, шлепэн малгай 25-50 мянган төгрөг. Дээлэн дээр өмсөн эрчүүдийн хромон гутал Оросынх нь 250-800 мянга, Монголд үйлдвэрлэсэн, хээ угалзтай нь 85-180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн хөөрөг нэг саяаас 15 сая төгрөгийн үнэтэй байна.
“Хархорин” зах
“Хархорин” худалдааны төвд хүнсний бүтээгдэхүүн хамгийн хямд үнэтэй. Баярын ширээний хамгийн хүндтэй идээ болох хэвийн боов нэг ширхэг нь 1400-2000 төгрөгийн үнэтэй. Хамгийн үнэтэй нь Гандангийн хэвийн боов. Хэрэв 21 ширхэг хэвийн боов авбал суурь еэвэн үнэгүй дагуулж өгч байна. Суурь еэвэн 3000-10000 бол тавгийн чихэр кг нь 5000-21000 төгрөгийн үнэтэй байналээ. Түүнчлэн ууц хамгийн том нь 280 мянган төгрөг.
1 comment